Share on facebook
Share on google
Share on twitter

Коронавирүсийн вакцины хөгжүүлэлтийн талаар

2020 оны 7-р сарын 27-ны өдөр шинэчлэгдсэн мэдээлэл

Эмнэлзүйн өмнөх шат 140 гаруй Эдгээр вакцинууд нь хараахан хүний туршилтын шатанд ороогүй байна.
Эмнэлзүйн I шат18Вакцины аюулгүй байдал ба туншил тогтоох судалгаа
Эмнэлзүйн II шат12Вакцины аюулгүй байдлын томсгосон судалгаа
Эмнэлзүйн III шат6Вакцины үр дүнгийн том хэмжээний судалгаа
Батлагдсан1Вакциныг хязгаарлагдмал хэрэглээнд зориулан баталсан.

Дэлхийн өнцөг булан бүрд байгаа судлаачид коронавирүсийн эсрэг маш олон вакцины судалгааг хийж байна. Эмнэлзүйн судалгааны нэгдсэн сангаас харахад давхардсан тоогоор 172 судалгаа гарч ирж байгаа ба эдгээрээс 80 судалгаа нь оролцогчдыг идэвхтэй хамруулан ажиллаж байна. Нийт судлагдаж байгаа вакцины тоог ДЭМБ-ын тоймлож байгаагаар 165 гаруй вакциныг судлан хөгжүүлж байгаа бөгөөд одоогоор 27 вакцин хүн дээр хийгдэж байгаа эмнэлзүйн туршилт судалгааны шатанд явж байна. Вакцин хүмүүст хүрэхээс өмнө олон жилийн судалгаа, шинжилгээ шаарддаг боловч эрдэмтэн судлаачид дараа жил гэхэд COVID-19 өвчний эсрэг аюулгүй, үр дүнтэй вакцин үйлдвэрлэхээр хичээн ажиллаж байна.

Энэ оны 1-р сард SARS-CoV-2 вирүсийн геномын дарааллыг тайлснаар ажил эхэлсэн. Вакциныг хүн дээр турших аюулгүй байдлын судалгаа 3-р сард эхэлсэн боловч цаашдын SARS-CoV-2 коронавирүс Вакцинд хариу урвал үзүүлж бий болсон эсрэгбие хөгжил үр дүн нь тодорхойгүй хэвээр байна. Зарим судалгаанууд амжилтгүй болж, зарим нь тодорхой үр дүнд хүрэхгүйгээр дуусч магадгүй юм.

Гэхдээ цөөн хэд нь дархлааны системийг хангалттай идэвхжүүлж вирүсийн эсрэг үр дүнтэй эсрэгбие бий болгож амжилтанд хүрч магадгүй юм. Хүнд туршигдсан COVID-19 өвчний эсрэг бүх вакцинууд болон эс, амьтанд туршиж байгаа зарим нэг амжилттай байж болох вакцины сонголтын тухай энд товчлон хүргэж байна.

Сүүлийн үеийн мэдээ

• Moderna компани болон Америкийн Эрүүл Мэндийн Үндэсний Хүрээлэн эмнэлзүйн III шатны судалгаагаа эхлүүлсэн.

(2020 оны 7-р сарын 27)

• Pfizer компани эмнэлзүйн I/II шатны судалгаа эхлүүлсэн.

(2020 оны 7-р сарын 27)

• Arcturus болон Duke-NUS Анагаахын Сургууль эмнэлзүйн I/II шатны судалгаа эхлүүлсэн.

(2020 оны 7-р сарын 21)

• BioNTech компани эмнэлзүйн III шатны судалгаагаа энэ сард эхлүүлэхээр төлөвлөж байна.

(2020 оны 7-р сарын 20)

• Хойд Солонгос вакцины эмнэлзүйн судалгаа эхлүүсэн гэж зарлав. (2020 оны 7-р сарын 20)

• Johnson & Johnson компани эмнэлзүйн I шатны судалгаа эхлүүлсэн. (2020 оны 7-р сарын 20)

• Kentucky BioProcessing компани эмнэлзүйн I шатны судалгаагаа эхлүүлсэн.

(2020 оны 7-р сарын 20)

• ОХУ-ын Гамалеин нэрэмжит Судалгааны Институт эмнэлзүйн III шатны судалгаа эхлүүлсэн.

(2020 оны 7-р сарын 16)

• Moderna компани эмнэлзүйн I шатны судалгааны сайн үр дүнг хэвлүүлснээс гадна эмнэлзүйн III шатны cудалгааг энэ сард эхлүүлэх тухайгаа мэдээлсэн.

(2020 оны 7-р сарын 14)

• Канадын Medicago компани эмнэлзүйн I шатны судалгаагаа эхлүүлсэн.

(2020 оны 7-р сарын 14)

• Австралийн Квинсландын Их Сургууль эмнэлзүйн I шатны судалгаагаа эхлүүлсэн.

(2020 оны 7-р сарын 13)

• Хятад улсын Anhui Zhifei Longcom компани эмнэлзүйн II үе шатны судалгаа эхлүүлсэн.

(2020 оны 7-р сарын 10)

• АНУ-ын Мариланд мужийн Novavax компани АНУ-ын засгийн газраас дэмжлэг авах болсноо зарласан.

(2020 оны 7-р сарын 7)

Вакцины туршилт судалгааны үйл явц

Лабораториос клиник хүртэлх вакцины хөгжлийн мөчлөг.

ЭМНЭЛЗҮЙН ӨМНӨХ ШАТ: Судлаачид хулгана, сармагчин гэх зэрэг амьтдад вакцин өгч дархлааны хариу урвал үзүүлэх эсэхийг судалдаг.

ЭМНЭЛЗҮЙН СУДАЛГААНЫ I ШАТ БУЮУ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН СУДАЛГАА: Судлаачид вакциныг цөөн тооны хүмүүст өгч аюулгүй байдал болон туншилыг тогтоох ба мөн дархлаа тогтолцоог идэвхжүүлдэг болохыг баталдаг.

ЭМНЭЛЗҮЙН СУДАЛГААНЫ II ШАТ БУЮУ ТОМСГОСОН СУДАЛГАА: Судлаачид вакциныг хүүхдүүд, ахмад настан гэх мэт бүлэгт хуваагдсан олон зуун хүмүүст өгөх ба эдгээр бүлэгт вакцины үйлчлэл өөр байгаа эсэхийг судалдаг. Мөн энэ шатанд вакцины аюулгүй байдал, дархлаа тогтолцоог идэвхжүүлэх чадварыг судалдаг. Энэ оны 6 сард Америкийн эм хүнсний агентлаг вакцин хийлгэсэн хүмүүсийн хамгийн багадаа 50%-ийг хамгаалж байгааг харуулж байгаа үед
коронавирүсийн вакциныг үр дүнтэй гэж үзнэ гэж тэмдэглэсэн байна.

ЭМНЭЛЗҮЙН СУДАЛГААНЫ III ШАТ БУЮУ ҮР ДҮНГИЙН СУДАЛГАА: Энэ шатанд судлаачид олон мянган хүнд вакцин эсвэл плацебо (вакцинтай адилхан харагдах боловч ямар нэг идэвхт бодисгүй) өгч 2 бүлгийг харьцуулан судална. Вакцин хэрэглэсэн хүмүүсийг плацебо хэрэглэсэн хүмүүстэй харьцуулахад халдвар авах нь бага байгаа эсэхийг судална. Энэ шатны судалгаагаар тухайн вакцин нь коронавирүсээс хамгаалж байгаа эсэхийг тодорхойлох боломжтой.

ВАКЦИНЫГ БАТЛАХ: Улс орнуудын эмийн агентлагууд дээрх судалгаануудын үр дүнг авч үзэж, хянаад тухайн вакциныг олон нийтэд хэрэглэх зөвшөөрөл олгох эсэхээ шийддэг. Цар тахлын үед вакцин албан ёсны зөвшөөрөл авахаас өмнө яаралтай ашиглах зөвшөөрөл авч болно.

ГЭРЛИЙН ХУРД: АНУ-ын засгийн газраас “Warp Speed Operation-Гэрлийн Хурд Хөтөлбөр“ хэрэгжүүлэхээр зарласан ба уг хөтөлбөрийн хүрээнд 5 бас түүнээс вакцины төслийг улсаас санхүүжүүлэх юм. Энэ хөтөлбөрийн хүрээнд вакциныг үр дүнтэй ажиллаж байгааг нотлохоос өмнө хэдэн тэрбум доллараар хэмжигдэх санхүүжилтийг олгох юм.

ЭМНЭЛЗҮЙН СУДАЛГААНЫ ШАТУУДЫГ ХАМТАТГАХ: Вакцины хөгжүүлэлтийг хурдасгах өөр нэг арга бол эмнэлзүйн судалгааны шатуудыг нэгтгэх явдал юм. Коронавирүсийн зарим вакцинууд
одоогоор I / II шатны судалгааг хийж байгаа буюу анх удаагаа шууд хэдэн зуун хүн дээр судалгааг явуулж байгаа юм.

Генетик Вакцинууд

Дархлааны хариу урвалыг өдөөх зорилгоор коронавирүсийн нэг буюу хэд хэдэн генийг ашигладаг вакцинууд.

ЭМНЭЛЗҮЙН СУДАЛГААНЫ III ШАТ

(7-р сарын 27-нд шинэчлэгдсэн мэдээлэл)

Moderna нь вакциныг хүн дээр туршсан анхны Америкийн компани юм. Уг вакцин нь вирүсийн уургуудыг синтезлэдэг мэдээллийн РНХ (мРНХ гэж товчилдог) ашигласан. Moderna 7-р сарын 14-нд цаашид ирээдүйтэй байж болохуйц I-р шатны үр дүнгүүдийн талаарх өгүүллэгийг хэвлүүлсэн. Түүнчлэн III-р шатны судалгааг 7-р сарын 27 нд эхлүүлээд байна. Энэ судалгаанд АНУ даяар 89 судалгааны төвд 30 мянган эрүүл хүн хамруулахаар төлөвлөж байгаа юм байна. АНУ-ын засгийн газраас уг вакцины хөгжүүлэлтэд 1 тэрбум орчим ам долларын санхүүжилт өгөөд байгаа ажээ.

ЭМНЭЛЗҮЙН СУДАЛГААНЫ II & III ШАТ НИЙЛҮҮЛСЭН СУДАЛГАА

(7-р сарын 27-нд шинэчлэгдсэн мэдээлэл)

Германы BioNTech компани Нью-Йорк хотод суурилсан Pfizer болон Хятадын Fosun Pharma эм бүтээгч компаниуд хамтарч мРНХ вакциныг бүтээж байгаа. АНУ болон Германд хийгдсэн I/II шатны судалгааны урьдчилсан үр дүнг 7-р сард хэвлүүлсэн. Уг судалгаанд оролцсон сайн
дурынханд SARS-CoV-2-н эсрэг эсрэгбие мөн вирүсийн эсрэг хариу үзүүлэгч дархлааны T эсүүд үүсч буйг тогтоожээ. Зарим оролцогсдод нойр муудах болон гар хөндүүрлэх зэрэг дунд зэргийн гаж нөлөөнүүд ажиглагдсан. 7-р сарын 27-нд эмнэлзүйн II/III-р шатны судалгааг АНУ,
Аргентин, Бразил болон Герман зэрэг улсад эхлүүлж сайн дураар судалгаанд оролцох 30 РНХ ДНХ мянган хүнийг вакцинд хамруулахаар ажиллаж байгаа ажээ.
Трампын засаг захиргаа Pfizer компанитай энэ оны эцэс гэхэд 100 сая тун вакцин авах мөн нэмэлт 500 сая тун вакцин нэмэлтээр авах боломжтой байхаар тохиролцоонд хүрчээ. Уг вакцин батлагдсан тохиолдолд, Pfizer компани 2021 оны эцэс гэхэд 1.3 тэрбум илүүтэй тунг үйлдвэрлэх боломжтой хэмээн мэдэгджээ.

ЭМНЭЛЗҮЙН СУДАЛГААНЫ I & II ШАТ НИЙЛҮҮЛСЭН СУДАЛГАА

Лондоны Эзэн Хааны Коллежийн судлаачид “өөрийгөө олшруулах” чадвартай РНХ вакциныг бүтээсэн бөгөөд, энэ нь дархлааны хариу урвал үзүүлэх вирүсийн уургийн синтезийг нэмэгдүүлдэг болно. Тэд I/II шатны судалгааг 6-р сарын 15-нд эхлүүлж, Morningside Ventures компанитай хамтран вакцин үйлдвэрлэж түгээх VacEquity Global Health гэдэг компанийг байгуулсан. Судлаачид вакцин үр дүнтэй эсэхийг энэ оны эцэс гэхэд тогтооно хэмээн үзэж байна.

ЭМНЭЛЗҮЙН СУДАЛГААНЫ I & II ШАТ НИЙЛҮҮЛСЭН СУДАЛГАА

(7-р сарын 3-нд шинэчлэгдсэн мэдээлэл)

Энэтхэгийн вакцин үйлдвэрлэгч Zydus Cadila нь ДНХ-д суурилсан вакцин бүтээсэн. 7-р сарын 3-нд тэд хүн дээр туршиж хийж эхлэх зөвшөөрөл авснаа зарласнаар Covid-19-н вакцины уралдаанд Bharat Biotech компанийн дараагаар орж ирсэн Энэтхэг улсын 2 дахь компани болсон.

ЭМНЭЛЗҮЙН СУДАЛГААНЫ I & II ШАТ НИЙЛҮҮЛСЭН СУДАЛГАА

(7-р сарын 3-нд шинэчлэгдсэн мэдээлэл)

6-р сарын 30-нд, Японы биотехнологийн AnGes компани Осакагийн их сургууль болон Takara Bio компаниудтай хамтарч ДНХ дээр тулгуурласан вакцины аюулгүй байдалын туршилтыг эхлүүлснээ зарласан.

ЭМНЭЛЗҮЙН СУДАЛГААНЫ I & II ШАТ НИЙЛҮҮЛСЭН СУДАЛГАА

(7-р сарын 21-нд шинэчлэгдсэн мэдээлэл)

Калифорни мужид байрлах Arcturus Therapeutics компани нь Сингапурын Duke-NUS Анагаахын сургуультай хамтран мРНХ вакциныг бүтээсэн. Вакцины молекулын “өөрийгөө олшруулах”
чадвар нь амьтанд хийсэн судалгаанд дархлааны хүчтэй урвал үүсгэж байсан. 7-р сарын 21-нд Сингапурт эмнэлзүйн I/II шатны судалгааг хүнд эхлүүлэх зөвшөөрлөө авсан.

ЭМНЭЛЗҮЙН I ШАТНЫ СУДАЛГАА

(7-р сарын 3-нд шинэчлэгдсэн мэдээлэл)

6-р сарын 30-нд Америкийн Inovio компани ДНХ-д суурилсан вакцины I-р шатны завсрын үрдүнг гарган авснаа зарласан. Тэд 36 сайн дурынхны 34-д дархлааны хариу урвалыг хэмжсэн бөгөөд ямар нэгэн ноцтой гаж нөлөө илрээгүй. Тэд II/III шатны туршилтыг энэ зундаа
эхлүүлэхээр төлөвлөж байна.

ЭМНЭЛЗҮЙН I ШАТНЫ СУДАЛГАА

(7-р сарын 17-нд шинэчлэгдсэн мэдээлэл)

3-р сард Трампын засаг захиргаанаас CureVac компанийг судалгаагаа Германаас АНУ-д шилжүүлэх талаар амжилтгүй оролдлого хийж байжээ. 6-р сард уг компани мРНХ вакцины I шатны судалгааг эхлүүлсэн. Тус компанийн мэдэгдсэнээр тэдний Герман дахь үйлдвэр жилд хэдэн зуун сая тун вакцин үйлдвэрлэх хүчин чадалтай гэсэн байна.

ЭМНЭЛЗҮЙН I ШАТНЫ СУДАЛГАА

(6-р сарын 24-нд шинэчлэгдсэн мэдээлэл)

Солонгосын Genexine компани ДНХ-д суурилсан вакцины аюулгүй байдлын судалгааг 6-р сард эхлүүлсэн. Эмнэлзүйн II-р шатны судалгааг энэ намартаа эхлүүлнэ гэж үзэж байгаа.

ЭМНЭЛЗҮЙН I ШАТНЫ СУДАЛГАА

(6-р сарын 26-нд шинэчлэгдсэн мэдээлэл)

6-р сард Хятадын Зэвсэгт Хүчний Анагаахын Шинжлэх Ухааны Академи, Suzhou Abogen Biosciences болон Walvax Biotechnology компанийн судлаачид ARCoV хэмээн нэрлэсэн мРНХ-д
суурилсан вакцины аюулгүй байдлын туршилтыг Хятад улсад анх удаагаа хийнэ хэмээн зарласан. Сармагчин дээр хийсэн урьдчилсан судалгаануудад хамгаалах үр нөлөөтэй болохыг харуулсан.

ЭМНЭЛЗҮЙН ӨМНӨХ ШАТНЫ СУДАЛГАА

Францын Sanofi эмийн компани Translate Bio компанитай хамтран мРНХ вакцин бүтээж байгаа нөгөөд 6-р сарын 23-нд эмнэлзүйн I шатны судалгааг энэ намар гэхэд эхлэх тухай зарласан.

Вирүсийн вектор вакцинууд

Вирүс ашиглаж коронавирүсийн генүүдийг эсэд дамжуулж, дархлааны хариу урвалыг өдөөгч вакцинууд юм.

ЭМНЭЛЗҮЙН СУДАЛГААНЫ II & III ШАТ НИЙЛҮҮЛСЭН СУДАЛГАА

(7-р сарын 20-нд шинэчлэгдсэн мэдээлэл)

Британи-Шведын AstraZeneca компани болон Оксфордын их сургууль хамтарч, шимпанзены аденовирүс ChAdOx1 ашигласан вакциныг бүтээж байна. Тэдний I/II-р шатны судалгааны үр дүн 7-р сарын 20-нд Lancet сэтгүүлд хэвлэгдсэн бөгөөд, вакцин нь аюулгүй, ямар нэгэн ноцтой гаж нөлөөгүй болох нь харагдсан. Энэ вакцин коронавирүсийн эсрэг эсрэгбие болон бусад дархлааны хамгаалалтыг үүсгэж байсан. Уг вакцины II/III шатны судалгааг одоогоор Англид
хийж байгаа бол III шатны судалгаа Бразил, Өмнөд Африкт хийгдэж байна. Уг төсөл 10-р сар гэхэд яаралтай/онц байдлын үеийн горимоор хэрэглэх вакциныг гаргах боломжтой гэж үзэж буй юм. AstraZeneca хэрэв вакцин нь батлагдвал нийт 2 тэрбум тунг үйлдвэрлэх хүчин
чадалтай хэмээн мэдэгдсэн.

ЭМНЭЛЗҮЙН СУДАЛГААНЫ II ШАТ, ХЯЗГААРЛАГДМАЛ ХЭРЭГЛЭЭНД ЗОРИУЛСАН БАТАЛГАА

(7-р сарын 20-нд шинэчлэгдсэн мэдээлэл)

Хятадын CanSino Biologics компани Зэвсэгт Хүчний Анагаахын Шинжлэх Ухааны Академийн Биологийн Хүрээлэнтэй хамтран Ad5 гэдэг аденовирүст түшиглэсэн вакцин бүтээсэн. 5-р сард, тэд I-р шатны аюулгүй байдлын судалгааны итгэл төрүүлсэн үр дүн хэвлүүлсэн бөгөөд, тэдний бүтээсэн вакцин нь хүчтэй дархлааны хариу урвал үзүүлж байсан. Хятадын арми 6-р сарын 25-нд уг вакциныг нэг жилийн туршид “онцгой хэрэгцээтэй эм” хэмээн ашиглахыг зөвшөөрч, урьд өмнө хийж байгаагүй алхмыг хийжээ. Уг вакциныг цэргүүдэд заавал эсвэл сайн дурын үндсэн дээр хийх эсэх талаар тодорхой мэдээлэл одоогоор байхгүй байна.

ЭМНЭЛЗҮЙН СУДАЛГААНЫ I & II ШАТ НИЙЛҮҮЛСЭН СУДАЛГАА

(7-р сарын 20-нд шинэчлэгдсэн мэдээлэл)

10 жилийн өмнө Бостоны Beth Israel Deaconess Эрүүл Мэндийн Төвийн судлаачид Аденовирүс 26, буюу товчилбол Ad26A-с вакцин гарган авах аргазүйг боловсруулсан. Johnson & Johnson компани Ad26-г ашиглан Эбола болон бусад өвчний эсрэг вакцин бүтээсэн бөгөөд одоогоор коронавирүсийн эсрэг нэг вакцин гаргаад байна. Тэд I/II шатны судалгааг 7-р сараас эхлүүлсэн бөгөөд, тэрбум гаруй тунг 2021 онд үйлдвэрлэнэ хэмээн найдаж байна гэжээ.

ЭМНЭЛЗҮЙН I ШАТНЫ СУДАЛГАА

(7-р сарын 24-нд шинэчлэгдсэн мэдээлэл)

Оросын Эрүүл Мэндийн Яамны харъяа Гамалеягийн Нэрэмжит Судалгааны Хүрээлэн GamCovid-Vac Lyo хэмээн нэрлэсэн вакцины I шатны судалгааг эхлүүлээд байна. Энэ вакцин нь хоёр төрлийн аденовирүс болох Ad5 болон Ad26-г хавсарган хэрэглэдэг бөгөөд аль алинд нь коронавирүсийн генийг инженерчилж суулгасан. 7-р сард, Оросын Холбооны Улсын Парламентын дээд танхимын тэргүүн энэ оны сүүл гэхэд вакцины үйлдвэрлэл эхлүүлнэ гэж зарлажээ.

ЭМНЭЛЗҮЙН ӨМНӨХ ШАТНЫ СУДАЛГАА

Швейцарын Novartis компани Maссачутесийн Нүд болон Чихний Эмнэлгийн багийн зохионбүтээсэн генийн эмчилгээнд тулгуурласан вакцин үйлдвэрлэнэ. Аденотой-холбоотой вирүс гэдэг вирүсийн тусламжтай коронавирүсийн генүүдийг эс үрүү зөөвөрлөх юм. Эмнэлзүйн I шатны судалгааг 2020 оны сүүл гэхэд эхлүүлэхээр товлосон байна.

ЭМНЭЛЗҮЙН ӨМНӨХ ШАТНЫ СУДАЛГАА

(7-р сарын 27-нд шинэчлэгдсэн мэдээлэл)

Америкийн Merck компани 5-р сард, өмнө хийж байсан, одоогоор цор ганцхан зөвшөөрөгдөөд байгаа, Эбола вирүсийн вакциныг бүтээсэнтэйгээ адил аргазүйн зарчмаар, цэврүүт стоматит өвчнийг үүсгэгч вирүсийг ашиглан вакцин хийх талаараа зарласан. Тус компани IAVI -тэй хамтарч байгаа ба АНУ-ын Засгын газраас 38 сая ам долларын санхүүжилт аваад байна.

ЭМНЭЛЗҮЙН ӨМНӨХ ШАТНЫ СУДАЛГАА

(6-р сарын 17-нд шинэчлэгдсэн мэдээлэл)

Өмнө дурдагдсан Merck компани нь мөн Австрийн Themis Bioscience компанитай хамтарч, улаан бурхан өвчний вирүсийг ашиглаж коронавирүсийн генетик материалыг дархлаажигчийн эсэд зөөвөрлөх зарчимд тулгуурласан хоёр дахь вакцинаа бүтээж буй ажээ.

ЭМНЭЛЗҮЙН ӨМНӨХ ШАТНЫ СУДАЛГАА

(6-р сарын 26-нд шинэчлэгдсэн мэдээлэл)

Vaxart компани нь коронавирүсийн генийг агуулж, зөөвөрлөдөг аденовирүс агуулсан, амаар уулгах шахмал хэлбэрийн вакцин бүтээж байна. Энэ зундаа I шатны судалгааг эхлүүлэхээр бэлдэж байна.

Уураг суурьтай вакцинууд

Коронавирүсийн уураг буюу уургийн хэсгийг ашиглаж дархлааны хариу урвалыг өдөөдөг вакцинууд юм.

ЭМНЭЛЗҮЙН II ШАТНЫ СУДАЛГАА

(7-р сарын 10-нд шинэчлэгдсэн мэдээлэл)

7-р сард Хятадын Anhui Zhifei Longcom компани вирүсийн уургууд болон дархлааны системийг өдөөгч адьювантуудыг хавсаргасан вакцины II-р шатны судалгааг эхлүүлсэн. Тус компани нь Chongqing Zhifei Biological Products корпорацын охин компани бөгөөд Хятадын Анагаах Ухааны Хүрээлэнтэй хамтран ажиллаж байна.

ЭМНЭЛЗҮЙН СУДАЛГААНЫ I & II ШАТ НИЙЛҮҮЛСЭН СУДАЛГАА

(7-р сарын 7-нд шинэчлэгдсэн мэдээлэл)

АНУ-ын Мэрилендийн Novavax компани нь бичил ширхгүүдэд төрөл бүрийн уургуудыг холбох аргазүйг боловсруулсан. Уг платформ дээрээ хэд хэдэн янзын вакцин хийснээс өнгөрөгч 3-р сард томуугийн вакцины эмнэлзүйн III шатны судалгаа нь дууссан байгаа юм. Тус компани 5-р сард Covid-19 вакцины судалгаагаа эхэлсэн бөгөөд Тахлын Бэлэн Байдлын Инновацийн Холбооноос (CEPI) 384 сая ам долларын хөрөнгө оруулалтыг уг вакцинд хийжээ. 7-р сарын 6-нд Novavax компани АНУ-ын засгийн газраас 1.6 тэрбум долларын үйлдвэрлэл ба эмнэлзүйн судалгааг дэмжих тэтгэлэг авснаа зарласан. Хэрэв судалгаа амжилттай болбол Novavax компани 2021 оны эхний улиралд 100 сая тунг АНУ-н дотоод хэрэгцээнд зориулан үйлдвэрлэх боломжтой хэмээн үзэж буй. Европ, Ази дахь салбарууд нь дэлхийн бусад орны хэрэгцээг хангах бололцоотой.

ЭМНЭЛЗҮЙН I ШАТНЫ СУДАЛГАА

Clover Biopharmaceuticals компани нь коронавирүсийн уураг агуулсан вакциныг бүтээсэн. Дархлааны системийг нэмж өдөөх зорилгоор уг вакциныг Британийн эмийн компани болох GSK болон Америкийн Dynavax компаниудын бүтээсэн адьювантуудтай хавсруулан
дархлаажуулахаар бүтээгджээ. Үйлдвэрлэлд Тахлын Бэлэн Байдлын Инновацийн Холбооноос хөрөнгө оруулах бөгөөд ингэснээр жилд хэдэн зуун сая тунг үйлдвэрлэх боломж нээгдэх юм.

ЭМНЭЛЗҮЙН I ШАТНЫ СУДАЛГАА

(7-р сарын 7-нд шинэчлэгдсэн мэдээлэл)

Австралийн Vaxine компани 7-р сард I шатны судалгаа эхлүүлсэн. Энэ компанийн вакцин нь вирүсийн уургуудыг дархлааны эсүүдийг өдөөгч адьювантуудтай хавсаргах байдлаар хэрэглэнэ.

ЭМНЭЛЗҮЙН I ШАТНЫ СУДАЛГАА

(7-р сарын 20-нд шинэчлэгдсэн мэдээлэл)

Тамхи үйлдвэрлэгч Philip Morris компаниас тодорхой хэмжээний хөрөнгө оруулалттай Канадын Medicago компани нь тамхины ургамлыг ашиглаж вакцин бүтээдэг. Тэд вирүсийн генийг тамхины навч болон ургамлын эсүүдэд оруулсанаар вирүсийн гадаргууг дуурайлгасан дан уургийн бүрхүүлийг гарган авдаг байна. 7-р сард Medicago ургамлаас гаргасан Covid-19 -н вакциныг GSK болон Dynavax компаниудын үйлдвэрлэсэн адьювантуудтай хавсаргах байдлаар эмнэлзүйн I-р шатны судалгаа эхлүүлсэн. Хэрэв судалгаа амжилттай болбол тус компани ирэх 10-р сард II/III-р шатны судалгааг эхлүүлэх төлөвлөгөөтэй байна.

ЭМНЭЛЗҮЙН I ШАТНЫ СУДАЛГАА

(7-р сарын 14-нд шинэчлэгдсэн мэдээлэл)

Австралийн Квинслэндийн Их Сургууль вирүсийн уургуудыг үл ялиг өөрчлөн дархлаажуулалтыг өдөөх байдлаар илүү хүчтэй дархлааны хариу урвал үзүүлэх аргачлалыг боловсруулжээ. Тус сургууль I шатны судалгааг 7-р сард эхлүүлсэн бөгөөд өөрсдийн гаргасан уургийг CSL компанийн гаргасан адьюванттай хавсаргах байдлаар хэрэглэж байна. Хэрэв эерэг үр дүнд хүрвэл, CSL компаниас дараачийн шатны эмнэлзүйн судалгааг хийж, хэдэн арван сая тунг үйлдвэрлэх боломжтой хэмээн үзэж байна.

ЭМНЭЛЗҮЙН I ШАТНЫ СУДАЛГАА

(7-р сарын 20-нд шинэчлэгдсэн мэдээлэл)

Lucky Strike болон бусад янжуурыг үйлдвэрлэгч British American Tobacco компанийн охин компани болох Kentucky BioProcessing бас нэгэн тамхины ургамал дээр суурилсан вакциныг хөгжүүлж байна. Medicago -н нэгэн адилаар Kentucky BioProcessing Nicotiana benthamiana гэдэг зүйлийн тамхины ургамалыг инженерчлэлд ашиглаж вирүсийн уургуудыг гарган авдаг. Өмнө нь уг компани энэ аргазүйгээ Эбола вирүсийн эсрэг Zmapp гэдэг эмийг гаргахад ашиглаж
байсан. Энэ хавар хийгдсэн эмнэлзүйн өмнөх шатны судалгааны дараагаар буюу энэ 7-р сард тэд коронавирүсийн вакцины эмнэлзүйн I шатны судалгаа эхлүүлснээ бүртгүүлсэн байна.

ЭМНЭЛЗҮЙН ӨМНӨХ ШАТНЫ СУДАЛГАА

2002 онд гарсан SARS өвчний дэгдэлтийн дараагаар Бэйлорын Анагаах Ухааны Коллежийн судлаачид шинэ дэгдэлтээс сэргийлэх вакциныг хөгжүүлж эхэлжээ. Тухайн үедээ хэдий анхан шатны үр дүн эерэг байсан ч судалгаанд санхүүгийн дэмжлэггүй болсноос судалгааг зогсоогоод байжээ. SARS болон Covid-19 өвчнүүдийг үүсгэгч коронавирүсүүд маш их төстэй учир, судлаачид Техасын Хүүхдийн Эмнэлэгтэй хамтран уг төслийг сэргээн, үргэлжлүүлэн хийх шатандаа явж байна.

ЭМНЭЛЗҮЙН ӨМНӨХ ШАТНЫ СУДАЛГАА

Питтсбүргийн их сургуулийн багийн хөгжүүлж буй PittCoVacc гэж нэрлэгдсэн вакцин нь 400 маш жижиг сахараас тогтсон зүү шивсэн арьсан дээрх наах наалт хэлбэртэй. Арьсан дээр наах үед зүүнүүд хайлж, вирүсийн уургуудыг хүний бие рүү нэвтрүүлэх механизмтай.

ЭМНЭЛЗҮЙН ӨМНӨХ ШАТНЫ СУДАЛГАА

(6-р сарын 23-нд шинэчлэгдсэн мэдээлэл)

Өмнө дурдагдаж байсан Sanofi компани мРНХ-д суурилсан вакцинаас гадна, вирүсийн уургуудад суурилсан вакциныг мөн хөгжүүлж байна. Тэд шавжны эсэд үрждэг вирүсд инженерчилсэн уургийг үйлдвэрлэж байна. Эдгээр уургууд дээр GSK компанийн адьювантаар дархлааг нэмэлтээр өдөөх юм. Sanofi компанийн мэдэгдснээр, хэрэв вакцины судалгаа амжилттай болсон тохиолдолд тус компани жилд хамгийн багадаа 600 сая тунг үйлдвэрлэж чадна гэжээ.

Бүтэн вирүсийн вакцинууд

Коронавирүсийн сулруулсан буюу идэвхгүйжүүлсэн хэлбэрийг ашиглаж дархлааны хариу урвалыг өдөөх зориулалттай вакцинуудыг хэлнэ.

ЭМНЭЛЗҮЙН III ШАТНЫ СУДАЛГАА

(7-р сарын 24-нд шинэчлэгдсэн мэдээлэл)

Идэвхгүйжүүлсэн вакцин аюулгүй бөгөөд, дархлааны хариу урвал үзүүлдэг болохыг тогтоосны дараа Хятадын Sinopharm төрийн компани эмнэлзүйн III шатны судалгааг 7-р сард Арабын Нэгдсэн Эмират улсад эхлүүлсэн. Абу Дабигийн эрүүл мэндийн сайд нь анхны сайн дурын дархлаажигч болсон бөгөөд уг судалгаанд нийт 15,000 хүнийг хамруулахаар төлөвлөж байна. Sinopharm компанийн захирал уг вакциныг энэ оны сүүл гэхэд олон нийтийн хэрэглээнд бэлэн болж магадгүй талаар Хятадын хэвлэлд дурджээ.

ЭМНЭЛЗҮЙН III ШАТНЫ СУДАЛГАА

(7-р сарын 6-нд шинэчлэгдсэн мэдээлэл)

Хятадын Sinovac Biotech хувийн компани нь CoronaVac нэртэй идэвхгүйжүүлсэн вирүсийн вакциныг судалж байна. 6-р сард тус компани I/II шатны судалгааг 743 сайн дурынхан дээр хийхэд ямар нэгэн ноцтой гаж нөлөө илрээгүй бөгөөд дархлааны хариу урвал үзүүлж байв. Тиймээс Sinovac 7-р сард эмнэлзүйн III шатны судалгааг Бразилд эхлүүлээд байнаa. Мөн жилд 100 сая тун үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийн барилгыг тус компани барьж эхлээд байна.

ЭМНЭЛЗҮЙН III ШАТНЫ СУДАЛГАА

(6-р сарын 23-нд шинэчлэгдсэн мэдээлэл)

Полимелит, Хепатит А өвчнүүдийн вакцин зохион бүтээсэн туршлагатай Хятадын Анагаахын Шинжлэх Ухааны Академийн Анагаахын Биологийн хүрээлэнгийн эрдэмтэд 6-р сараас идэвхгүйжүүлсэн вирүст вакцины II шатны судалгааг эхлүүлээд байна.

ЭМНЭЛЗҮЙН СУДАЛГААНЫ I & II ШАТ НИЙЛҮҮЛСЭН СУДАЛГАА

(7-р сарын 20-нд шинэчлэгдсэн мэдээлэл)

Энэтхэгийн Анагаах Ухааны Судалгааны Хороо болон Үндэсний Вирүсологийн хүрээлэн мөн улсын Bharat Biotech компани хамтран ажиллаж, идэвхгүйжүүлсэн коронавирүс дээр суурилсан, Covaxin хэмээн нэрлэсэн вакциныг бүтээжээ. Тус компани энэ 7-р сард I/II шатны судалгааг эхлүүлэх үеэр тэдний вакцин 8-р сарын 15 гэхэд бэлэн болно гэсэн сураг явж байсан. Гэвч тус компанийн гүйцэтгэх захирал сэтгүүлчдэд вакцин бэлэн болох хугацаа 2021 оны эхэн үеэс наашгүй гэж мэдэгджээ.

ЭМНЭЛЗҮЙН I ШАТНЫ СУДАЛГАА

(7-р сарын 20-нд шинэчлэгдсэн мэдээлэл)

7-р сарын 18-нд Умард Солонгосын Шинжлэх Ухаан Технологийн Улсын Хорооноос өөрсдийн вэбсайт дээр коронавирүсийн өргөс уургийн хэсэгт тулгуурласан вакцины эмнэлзүйн туршилтыг эхлүүлсэн тухайгаа зарласан. Олон улсын түвшинд дэлхийгээс тусгаарлагдмал улсаас хийсэн тус мэдэгдэл хэр үнэн болохыг тодорхойлох төвөгтэй гэж үзэж байна. Тус хорооны мэдэгдэлд уг вакциныг амьтан дээр туршсан талаар дурьдсан боловч дэлгэрэнгүй үр дүнг мэдээлээгүй байна. Цаашлаад, “БНАСАУ-д Covid-19-н тохиолдол бүртгэгдээгүй” учир вакцины үр нөлөөний туршилтыг өөр оронд хийх шаардлагатай гэсэн байна. Уг мэдэгдлийг гадны экспертүүд туйлын эргэлзээтэй хэмээн үзэж байна.

Өөр зориулалтын вакциныг дахин ашиглах

Бусад өвчинд аль хэдийнээ ашигладаг бөгөөд мөн Covid-19-н эсрэг хамгаалалт үзүүлж болзошгүй вакцинууд.

ЭМНЭЛЗҮЙН III ШАТНЫ СУДАЛГАА


Бациллус Кальмэт-Гьерны вакциныг (манай улсад БЦЖ вакцин гэж нэрлэх нь бий) өнгөрөгч зууны эхээр сүрьеэ өвчнөөс сэргийлэх зорилгоор бүтээсэн билээ. Австралийн Мурдокийн Хүүхэд Судлалын Хүрээлэн эмнэлзүйн III-р шатны болон, өөр хэд хэдэн судалгааг хийж, уг вакцин коронавирүсийн эсрэг ямар нэгэн үр нөлөөтэй эсэхийг шалгаж байна.

Эх сурвалж: Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, Нью Йорк Таймс, https://clinicaltrials.gov
Нэгтгэж орчуулсан: Оном сангийн эрдэмтдийн баг