Share on facebook
Share on google
Share on twitter

Carolyn Y. Johnson ба Lenny Bernstein

Вашингтон Пост, 14.07.2020

1984 онд эрдэмтэд эрүүл чийрэг залуу хүмүүст гэнэт тохиолдож амь насанд нь хүрч байсан уушигны ховор хатгаа өвчин болон хурдан тархацтай хорт хавдрын өвчнүүдийн шалтгаан болсон шинэ вирүсийг анх олж тогтоолоо.

ДОХ-ын вирүсийг өөрийг нь олж тогтоосон тэр мөч удаан хүлээсэн чухал мөч байсан юм. “ДОХ-ын аюул удахгүй арилна” хэмээн АНУ-ын Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга Маргарит Хеклер зарлаж, вакциныг 2 жилийн дотор бүтээнэ гэж итгэл төгс амлав. Гэвч 36 жилийн дараа ДОХ-ын вакцин гараагүй хэвээрээ л байна.  Шинжлэх ухааны сэхүүн мөрөөдлийн тухай сургамжит ийм үлгэр байдаг боловч, ДОХ-ын вакцин бүтээхэд хамаг амьдралаа зарцуулсан бусад судлаач нарын амжилтгүй хичээл зүтгэлээс бий болсон үнэт туршлага, мэдлэг одооны коронавирүсийн вакцин бүтээх замд томоохон хувь нэмэр болж байгаа нь бас үнэн юм. 

Өнгөрсөн хэдэн арван жил ДОХ-ыг судлах судалгааны явцад олж авсан хүний дархлалын систем, төрөл бүрийн вакцины технологуудын талаарх мэдлэгийг коронавирүсийн эсрэг хөрвүүлэн ашиглаж, ДОХ-ын судалгааны үед бүрэлдүүлсэн дэлхийг хамарсан эмнэлзүйн туршилтын сүлжээг ковид-19 өвчний вакциныг туршихад ашиглаж эхэллээ.  Маш богино хугацааны дотор лабораториуд, туршилтын цэгүүд, мэдээлэл, дээж цуглуулах сүлжээнүүд коронавирүсийн эсрэг ажиллагаанд шунган орсон нь түүнээс өмнө асар их хөрөнгийг ДОХ-ын судалгаанд зориулан хөрөнгө оруулж, дэд бүтэц нэгэнт үүсгэсэн байсны ач юм. Төхөөрөмжүүд болон мэргэжилтнүүд бэлэн байв. Халдвар хяналтын дэглэмийг сайжруулав. Зааварчилгааг шууд тараав.  “ДОХ-ын судалгаанд оруулсан хөрөнгө оруулалт ковид-19 тэй тэмцэх тэмцлийг боломжтой болгосон юм” гэж,  өмнө нь ДОХ-ын вакцин дээр ажиллаж байсан, одоо коронавирүсийн вакцины хамгийн амжилттай судалгаан дээр ажиллаж буй, Бостоны Бет Израйл Деаконес анагаах ухааны төвийн харъяа Вирүс, вакцин судлалын  төвийн захирал Дан Х. Бароу хэлсэн билээ. Мөн Өмнөд африкийн Кейп Тауны их сургуулийн, Халдварт өвчин, молекул анагаах ухааны хүрээлэнгийн, ДОХ-ын төвийн захирал Десмонд Туту “Вакцинаа аваад ир, бид нар ковидын вакциныг туршихад бэлэн байна” гэж мэдэгдэв. 

ДОХ-ын вирүс нь чөтгөрийн төвөгтэй вирүс бөгөөд, вакцинаас бултахдаа үнэн чадамгай (ДОХ-ын вирүс болон HCV-ийн вирүс нь хамгийн өндөр мутацийн идэвхтэй вирүсүүдэд тооцогддог). Харин корона вирүсийн хувьд илүү тогтвортой байх бүрэн үндэслэлүүд байгаа юм. Зөвхөн ДОХ-ын вакцины судалгаан дээр л үндэслэж коронавирүсийн вакцины хөгжүүлэлт хурдан урагшилж чадна. Бил ба Мелинда Гейтс сангийн ДОХ, сүрьегийн салбарын захирал, Нина Рассел “ ДОХ-ын вакцин, урьдчилан сэргийлэх асуудал дээр байсан тэргүүлэх судлаачид маань ковид-19 –ийн тохиолдолд манай ажлын үнэхээр гайхалтай, түргэн шуурхай гол хөдөлгүүр нь байж чадлаа” гэж  хэлэв. ДОХ-ын урьдчилан сэргийлэх, судалгааны ажлын багийн тооцоолсноор 2000-2018 оны хооронд 14,5 тэрбум ам долларыг ДОХ-ын вакцины судалгаанд зарцуулсан байна. Энэ хугацаанд 46 вакцин клиникийн урьдач болон, клиникийн эхний шатуудаа давсан бол 100 орчим нь эхний шатаа даваагүй байна. Гэтэл өнөөдрийн байдлаар дөнгөж зургаахан сар судлагдсан  шинэ коронавирүсийн эсрэг 160 орчим вакцин хөгжүүлэлтийн шатандаа явж байна. Эдгээрээс 21 нь клиникийн туршилтаа нэгэнт эхэлжээ. Хэдэн тэрбумаар нь төр ба хувийн компаниуд энэ салбарт хөрөнгө оруулж байна. 

Хоёр зорилго ийнхүү нийлэв. “ДОХ-ын салбар нь дархлаа судлал, вирүслогийн чиглэлээр өөрийн лаборатори, суурь бааз бүхий маш олон судлаачидтай бөгөөд тэд коронавирүсийн вакцин гаргаж авах шинэ зорилгод тун хурдан шилжиж чадсан юм” гэж ДЭМБ-ийн даян дэлхийн ДОХ, хепатит, БЗХӨ-ын салбарын захирал Мег Дохерти хэллээ.    

Хоёр вирүс, түлхүүр ялгаанууд

Шинжлэх ухаан 12-18 сарын дотор корона вирүсийн ямар нэг вакциныг зах зээлд гаргаж чадна гэсэн итгэлтэйгээр мөрийтэй тоглож байна. Судлаачид энэ 2 вирүсийн гол ялгаанд их найдаж байгаа юм. ДОХ-ын вирүс нь эсэд өөрөө нэвтрэн ордог бөгөөд ийм учраас вакцин түүнийг яаралтай, нэн даруй устгах шаардлагатай. Хүний дархлалын систем ДОХ-ын вирүсийг дарах байгалын ямарч чадваргүй ба энэ нь вакцин бүтээхэд улам хүндрэлтэй болгодог. Мөн ДОХ-ын вирүс SARS-Cov-2 гэж албан ёсоор нэрлэгдсэн коронавирүсээс хамаагүй илүү хурдан мутацид орж хувирах чадвартай байдаг.  АНУ-ын Үндэсний анагаах ухааны хүрээлэнгийн захирал Францис Коллинс “Энэ мэдээж амаргүй ажил байх нь тодорхой, гэхдээ надад итгэл өгч байгаа зүйл бол уг халдварын байгалийн түүх нь юм” гэж хэллээ. Ковид-19 өвчнөөр шинж тэмдэггүй болон бүдэгхэн шинж тэмдэгтэй өвчилсөн олон хүмүүс байгаа нь уг вирүсийг хүний дархлаа байгалаасаа дарж чаддаг болохыг харуулж байгаа юм.  “Энэ бол ДОХ-оос ялгарах гол ялгаа” гэж тэр хэлээд мөн үргэлжлүүлэн “Ийм тохиолдолд вакцин ажиллах ёстой. 

Дархлалын системийг өдөөгөөд өгөхөд л вирүсийг устгаж чадна” гэж тэр нэмж хэлэв. Вакцины технологийн олон жилийн судалгаа нь эрдэмтдэд РНХ, ДНХ дээр тулгуурласан вакцинаас эхлээд эсэд вирүсийн генийг оруулж өгөх аюулгүй хиймэл зөөвөрлөгч вирүс гаргаж авах хүртэлх маш нарийн технологуудыг хөгжүүлэх боломжийг олгож эргээд үүнийгээ коронавирсийн вакцин авахад ашиглах боломжтой болголооо. Жишээлбэл ДОХ-ын вакцины технологи дээр 15 жил ажилласан Бароу өнөөдөр эсэд тодорхой генийг оруулж өгөх чадвартай, аюулгүй, хүйтэн (хиймэл) вирүс боловсруулах технологийг хөгжүүлчихээд байна. Эдгээр генүүд нь эсэд ДОХ-ын вирүсийн тодорхой бүтцийн хэсгүүдийг кодлох бөгөөд улмаар дархлалын урвалыг үүсгэх чадвартай юм. Энэ шинэ технологи дээр үндэслэн ДОХ-ын нэгэн шинэ вакциныг эмийн аварга компани Жонсон ба Жонсон бүтээж 1-р сарын эхний Баасан гаригт клиникийн туршилтанд шилжүүлснээ зарлаж байх тэр үед Бароу жил бүр авдаг амралтаа эдлэж Бостоны Шинжлэх ухааны музейг сонирхож явав. Яг тэр үед мэдээллийн хэрэгслийн гол сэдэв нь Хятадын Ухан хотод дэгдсэн, 41 хүн халдвар авч, 1 хүн нас барсан шинэ төрлийн хатгаа өвчний тухай анхны мэдээлэл байлаа. 

Өнөөдөр 13 сая хүн халдвар авсан байдалтай харьцуулахад тэр үеийн тоо өчүүхэн мэт санагдах боловч, Бароу болон түүний лабынхан мэдээг тун соргог хүлээж авсан юм. Тэд ямар нэгэн зүйл хийхээр шийдлээ. Тэр өдрийн орой хятадын тал вирүсийн геномын мэдээллийг онлайн тавьж мэдээлсэн бөгөөд Бароугийн лабынхан түүнийг судлаж эхлэв. Бароу Жонсон ба Жонсоны талтай утсаар ярьж вакцин бүтээхээр тохиролцоход төдийлөн их цаг ороогүй бөгөөд улмаар энэ сард уг вакциныг хүн дээр туршиж байна. Тэд ДОХ ба эболод зориулан бүтээсэн өөрсдийн вакцины суурь технологийг коронавирүсийн өргөсний уургийг кодолдог болгон хялбархан өөрчлөх замаар шинэ зорилгоо хэрэгжүүлж чадсан юм. “Онолын хувьд энэ систем коронавирүстэй тэмцэх эсрэг биеүүдийг үүсгэж, дархлааг өдөөх л ёстой. Хэрвээ ДОХ дээр ажлаагүй бол манай лаб болон аж үйлдвэрийн хамтрагчид маань ийм хурдан вакцин гаргаж авах боломжгүй байсан юм” гэж Бароу эцэст нь хэлэв.

Тэд тэнд байв, тэд хөдлөхөд бэлэн байлаа”

АНУ нь олон жил ДОХ-ын вакцин ба эмүүдийг турших, логистикийн нийлмэл, том хэмжээний клиник судалгаа хийх зориулалт бүхий ДОХ-оос урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны сүлжээг (HIV Prevention Network) бий болгосон юм. “ДОХ-ын судалгааны хүрээнд бий болгосон дэд бүтэц дээр бараг 30000 хүний вакцины иж бүрэн судалгааг хийж байна” гэж Сеатл дахь Фред Хатчинсон Хавдрын судалгааны төвийн ерөнхийлөгч, одоо Ковид-19 –өөс урьдчилан сэргийлэх ажлын сүлжээг хамтран зохион байгуулж буй, вирүслогич, Ларри Кори хэллээ. Судалгаанууд нь дата цуглуулж биостатистикийн боловсруулалт хийхээс эхлээд бүлгийн хэмжээний нэгж дээр том клиник судалгаа хийх, эрсдэлт бүлгийн хүмүүсийг нарийн судалгаанд хамруулах зэрэг төрөл бүрийн ажлууд байдаг. Үндэсний эрүүл мэндийн хүрээлэн (NIH) 7-р сарын 8-нд Ковид-19-өөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны сүлжээг (Covid-19 Prevention Network) байгуулснаа зарлалаа. Энэ нь хэд хэдэн томоохон вакцины клиник судалгааны нэгдэл бөгөөд, тэдгээрээс 2 нь шууд ДОХ-ын судалгаанаас тасарсан багууд байна. Сүлжээний тэргүүлэгчид энэ удаа ажлын хэмжээ, сорилт урьд өмнөхөөс өөр болохыг дараах байдлаар цохон тэмдэглэв: Хүн болгонд ДОХ халдварлах эрсдэл байхгүй харин хүн болгон коронавирүс авах эрсдэлтэй байна !  Кори “Иймэрхүү ажлын сүлжээг бэлтгэж судалгаануудыг ажилд нь оруулахад уул нь хэдэн жил шаарддагддаг боловч энэ удаа хэдэн долоо хоногт л зохион байгууллаа. Ер нь бол зөв клиникийн судалгааг явуулах үндсэн нөхцөл нь судалгааны үр дүн хаана ч хүлээн зөвшөөрөгдөх стандарт байх, хөргөгчнүүд нь гэнэт эвдэрчихгүй найдвартай ажилладаг нь батлагдсан байх, судлаачид нь судалгаанд оролцогчтой чадварлаг харьцдаг байх, менежерүүд нь олон жил үргэлжлэх судалгаанд зүгширсэн байх зэрэг энгийн мэт боловч цаг хугацаа шаардсан чухал зүйлүүд байдаг” гэж хэллээ.  

“Үндэсний эрүүл мэндийн хүрээлэн энэ маягийн судалгааны ажил хийх, том хэмжээний дэд бүтэц бүхий, олон улсын ажлын сүлжээ байгуулах зорилгоор олон жилийн турш их хэмжээний хөрөнгө оруулалтыг хийж ирсэн юм” хэмээн Чикаго дахь Иллинойсын их сургуулийн халдварт өвчин судлалын захирал, Ричард Новак хэлээд, “Аз болоход тэд тэнд байв, тэд хөдлөхөд бэлэн байлаа. Үгүй бол ийм зүйлийг босгоход хэдэн жил шаардагдна” хэмээн нэмж хэлэв. Кейп Тауны Их сургуулийн Беккер “ДОХ-оос сурсан чухал хичээл бол вакцины олон хувилбарыг нэгэн зэрэг туршиж үзэх нь хамгийн зөв болов уу. ДОХ-ын вакцины хувьд бол нэг вакцины дараа нөгөө вакцин гэх мэтээр цуварч яваад түүний үр дүнг бүгд хүлээж дараагийн вакцинаа хийдэг. Гэхдээ энэ нь цаг алддаг бол коронавирүсийн хувьд бүгд зэрэг явах нь зүйтэй. Хэрвээ чи энийг хурдан хийхийг хүсэж байгаа бол мөн уралдаанд түрүүлэхийг хүсэж байгаа бол уралдааны замд зэрэг олон морь гаргаад олон янзын байдлаар уралдуулаад үз” хэмээн хэлж байна. Мөн Беккер “Дэлхий энэ уралдаанд олон ялагч хүсэж байгаа” гэж мөн хэлэв. 

Вакцин бүтээж буй тэргүүлэх судлаач нар ”ДОХ-ын олон жилийн судалгааны явцад нийгмийн эмзэг бүлгийнхэн, эрсдэлт бүлгийнхэнтэй тогтоосон итгэлцэл, хамтын ажиллагааны туршлага бидэнд хэрэг болох нь гарцаагүй. Гэхдээ коронавирүсийн хувьд түүний тархалтын хэв маяг, хамрах хүрээ, хурд нь биднийг шинэ нөхцөл байдалтай тулгаж байна. Жишээлбэл ахмад настангууд ДОХ-ын судалгаанд угаасаа  л фокус бүлэг биш байсан бол өнөөдөр коронавирүсийн хувьд хамгийн чухал бүлэг болоод байна” хэмээн хэлж байна. “Бид өмнө нь энэ бүлгийнхэнтэй ажиллаж байсан туршлагагүй гэдгээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй хэмээн Валтер Рийд Армийн хүрээлэнгийн Халдварт өвчин судлалын төвийн захирал Нелсон Михайл хэллээ.

Орчуулсан:

МУИС-ийн Генийн инженерчлэлийн лабораторийн эрхлэгч, Элэгний төвийн судлаач

Др. О. Одгэрэл 

Эх сурвалж: Washington Post