ШИНЖЛЭХ УХААНД ТУЛГУУРЛАСАН БАРИМТ МЭДЭЭЛЭЛ

Share on facebook
Share on google
Share on twitter

Covid-19 өвчний эмзэг бүлэгт тамхичид орж байгааг харуулсан баримтууд нэмэгдсэн нь Их Британид олон мянган хүн тамхинаас гарах шалтгаан болсон байна.

YouGov судалгааны байгууллага болон Action on Smoking and Health (Ash) байгууллагын хамтарсан судалгаагаар цар тахлын энэ үед Британид 300,000 гаруй хүн ийм шалтгаанаар тамхи татах зуршлаа орхижээ.

 Үүнээс гадна өөр 500,000 орчим хүн тамхинаас гарах оролдлого хийж эхэлсэн бол 2.4 сая хүн тамхи татахаа цөөрүүлсэн байна.

Тамхинаас гарсан хүмүүсийн дөрөвний нэг орчим нь тамхинд буцаж орох бодолгүй байгаагаа хэлсэн бол 4 орчим хувь нь цар тахлын үеийн стресс, сэтгэл зүйн дарамт дахин тамхи татахад хүргэж байгааг хэлжээ.

Ash байгууллагын тэргүүн, амьсгалын замын өвчин судлаач, доктор Ник Хопкинсон “Тамхидалт нь хүний дархлааны системийг сулруулж, халдвар эсэргүүцэх чадварыг муутгадаг. Covid-19 туссан тамхичид илүү хүнд өвчилж байгааг батлах баримтууд нэмэгдсээр байна. Тамхинаас гарснаар хүмүүсийн зүрх судасны өвчний эрсдэл буурдаг нь коронавирусийн халдварын сөрөг нөлөөг багасгах гол хүчин зүйл болж байна” гэж ярьжээ.

“Тамхинаас гарах олон шалтгаан байдаг ч коронавирусийн тахал шиг чухал шалтгаан өмнө нь хэзээ ч байсангүй” гэж өөр нэг судлаач Рут Теннант ярьсан байна. Тэрээр #QuitforCOVID сошиал хөдөлгөөнийг санаачлагч бөгөөд цар тахлын энэ үед тамхинаас илүү олон хүнийг гаргахын төлөө тэмцэж байгаа юм.

Эх сурвалж: The Guardian |Ikon.mn