ШИНЖЛЭХ УХААНД ТУЛГУУРЛАСАН БАРИМТ МЭДЭЭЛЭЛ

Share on facebook
Share on google
Share on twitter

Константин Вардавас (Department of Oral Health Policy and Epidemiology, Harvard School of Dental Medicine) болон Катерина Никитара (School of Medicine, University of Crete, Heraklion, Greece) нарын судлаачид COVID-19 өвчний эмнэл зүйн үйл явц, хүндрэлийн зэрэгт тамхины хэрэглээ хэрхэн нөлөөлж буйг үнэлэх зорилгоор COVID-19 өвчний эмнэлзүйн шинж тэмдэг, үйл явцыг үнэлсэн 71 судалгааг PUBMED болон ScienceDirect гэсэн 2 шинжлэх ухааны мэдээний сангаас шүүж чанарын шаардлага хангасан 5 судалгааны үр дүнг нэгтгэн дүгнэн Tobacco Induced Diseases сэтгүүлд 2020 оны 3-р сарын 20-ны өдөр нийтлүүлжээ.

Эдгээр таван судалгаа нь хэмжээний хувьд 41-ээс 1099 өвчтөнийг хамарсан, COVID-19-ийн тархалтын эхний 2 сар буюу 2019 оны 12 сар болон 2020 оны 1 сард хийгдсэн судалгаа байна. 4 судалгаа нь БНХАУ-ын Вухан мужид хийгдсэн бол 1 судалгаа нь БНХАУ-ын хэд хэдэн мужийг хамран хийгджээ.

COVID-19 өвчтэй 1099 хүнийг хамарсан хамгийн том судалгааг Гуан нарын эрдэмтдийн баг хийсэн ба эдгээр өвчтөнүүдийн 173-т COVID-19 өвчний шинж тэмдэг маш хүнд байдлаар илэрсэн бол 926 өвчтөнд хөнгөн байдлаар илэрчээ. Өвчний хүнд шинж тэмдгүүд илэрсэн өвчтөнүүдийн 16,9% нь тамхи татдаг хүмүүс, 5.2% нь урьд нь тамхи татдаг байсан хүмүүс байв. Харин өвчний шинж тэмдэг хөнгөн явагдсан хүмүүсийн дунд 11.8% нь тамхи татдаг хүмүүс, 1.3% нь урьд нь тамхи татдаг байсан хүмүүс байжээ. Түүнчлэн механик аргаар амьсгалуулах шаардлага гарсан, эрчимт эмчилгээний тасагт хүргэгдсэн эсвэл нас барсан зэрэг хүмүүсийн 25.5% нь тамхи татдаг хүмүүс, 7.6% нь урьд нь тамхи татдаг байсан хүмүүс байжээ. Эсрэгээр дээрх хүнд нөхцөл байдал ороогүй өвчтөнүүдийн зөвхөн 11,8% нь тамхи татдаг хүмүүс, 1.6% нь урьд нь тамхи татдаг хүмүүс байсан байна.

COVID-19 өвчтэй 78 хүнд Лиу нарын хийсэн судалгаанаас үзэхэд тамхи татдаг эсвэл татаж байсан хүмүүсийн эзлэх хувь нь өвчин хүндэрсэн хүмүүсийн дунд (27.3%) эдгэрсэн эсвэл биеийн байдал тогтвортой хүмүүсийнхтэй харьцуулахад (3.0%) хавьгүй илүү байжээ.

Credit: GETTY IMAGES – GETTY

Судалгааны үр дүнд ийнхүү бичжээ:

Одоо тамхи татдаг эсвэл урьд нь тамхи татдаг байсан хүмүүс эрчимт эмчилгээний тасагт хүргэгдсэн, механик амьсгалуулат хийх шаардлага гарсэн, өвчний шинж тэмдэг хүндэрсэн эсвэл нас барсан гэх мэт хүнд өвчтөнүүдийн дунд илэрхий өндөр хувийг эзэлж байна.

Хэвлэгдсэн судалгааны үр дүнг тооцож үзэхэд тамхичдын хувьд COVID-19 өвчний шинж тэмдэг хүндрэх эсрдэл 1.4 дахин, эрчимт эмчилгээний тасагт хүргэгдэх, механик амьсгалуулалт шаардах, эсвэл нас барах эрсдэл 2.4 дахин өндөр байна гэжээ. Бүтэн нийтлэлийг ЭНД ДАРЖ үзнэ үү.