Share on facebook
Share on google
Share on twitter

КОВИД-19 өвчин нь дэлхийн олон оронд тархаад байгаа ба манай улсад ч 1 тохиолдол бүртгэгдээд байна. 

КОВИД-19 өвчний үед зонхилон тохиолдох шинж тэмдэг нь халуурах, ханиалгах, амьсгал давчдах, ядарч сульдах, булчин өвдөх зэрэг байна. Шинж тэмдэг нь вирүсийн халдвар авсанаас хойш 2- 14 хоногийн дотор илэрч байна. 

Бүх насныхан халдвар авах эрсдэлтэй ба дийлэнхи буюу 80 орчим хувьд өвчин  хөнгөн явагдах ба халдвар авсан ихэнх хүмүүс эмнэлэгт хэвтэх шаардлага гарахгүй. 

Гэсэн хэдий ч үлдсэн 15%-д КОВИД-19 хүндэрч, нас баралт 2 орчим хувьтай байна.   Ахмад настан болон архаг өвчтэй (чихрийн шижин, зүрхний өвчин,  уушигны багтраа гэх мэт) хүмүүс КОВИД-19-өөр хүндээр өвдөх магадлал өндөр байгааг онцгой анхаарах шаардлагатай.

Чихрийн  шижинтэй хүмүүс КОВИД-19 өвчнөөр өвдвөл цусан дах сахарын түвшин тогтворгүй болсоноос болон чихрийн шижингийн хүндрэлүүдээс шалтгаалан  эмчилгээ төвөгтөй байж болзошгүй. Учир нь 

  • Архаг өвчний үед дархлаа суларч, бие махбодь вирүстэй тэмцэхэд бэрх тул эдгэрэх явц удаан болно 
  • Сахар ихэссэн орчинд вирүсийн амьдрах чадвар сайжирна гэсэн таамаглалууд байна.

Чихрийн шижинтэй хүн болон түүний гэр бүлийн гишүүд дараах зөвлөмжийг мөрдөөрэй.

Вирүсийн халдвараас аль болох сэргийлэх. Нийт хүн амд өгч буй урьдчилан сэргийлэх зөвлөмжийг чихрийн шижинтэй болон ойр дотны хүмүүст илүү их ач холбогдолтой буюу эдгээр зөвлөмжийг чандлан сахих.

Ерөнхий зөвлөмж: 

  • Гараа тогтмол, сайтар угаах
  • Бохир гараар нүүрэндээ хүрэхгүй байх 
  • Гар их хүрдэг зүйл, гадаргууг цэвэрлэж, ариутгах 
  • Хувийн аяга, таваг, алчуур зэрэг хэрэгсэлтэй байх 
  • Ханиах, найтахдаа ам хамраа алчуураар таглах  эсвэл шууны дотор талд ханиах (хэрэглэсний дараа алчуурыг хаях)
  • Ханиах мэтийн ямар нэгэн шинж тэмдэг илэрсэн хүнтэй ойр байхаас зайлсхийх. 
  • Шаардлаггүй аялалд явахгүй байх, нийтийн унаа тээврээр аль болох зорчихгүй байх

Өвөрмөц зөвлөмж: 

  • Цусны сахарыг тогтмол хянах (глюкометр буюу сахарын аппараттай болох).
  • Халуурах, ханиах, амьсгалахад хүндрэлтэй зэрэг шинж илэрвэл эмчид заавал мэдэгдэх. Ялангуяа цэртэй ханиах нь халдвар авсаны шинж тул эмнэлгийн тусламж авах.
  • Ямар ч халдварын үед цусны сахар ихэсдэг, шингэний хэрэгцээ нэмэгддэг тул шингэн сайн уух.
  • Сахар бууруулах эм, инсулиныг шаардлагатай хэмжээгээр нөөцлөх. Магадгүй та өөрийгөө тодорхой хугацаагаар тусгаарлах шаардлага гарч магадгүй. 
  • Хүнсийг хангалттай байлгах (чихрийн шижинтэй хүн өлсөж болохгүй тул)
  • Цусны сахар гэнэт унах (3.3 ммоль/л-ээс бага болох) тохиолдолд авах арга хэмжээнд бэлэн байх
    • Цусанд сахар буурсаны шинж: хөлрөх, гар чичрэх, толгой эргэх, дотор муухайрах, цаашлаад унтаа байдалд орж болно
    • Авах арга хэмжээ: түргэн шимэгдэх сахар хэрэглэх: чихэр, жүүс гэх мэт. Шаардлагатай бол глюкагон тарих (глюкагон агуулсан бэлэн тариур) 
  • Гэртээ ганцаар үлдэх, шаардлага гарвал холбоо барих хүн таны эрүүл мэндийн нөхцөл байдлыг мэддэг байхад анхаарах

Мэдээллийн эх сурвалж:

Олон улсын диабетийн холбоо, Монголын диабетийн тусламж үйлчилгээ, сургалтын холбоо